Монгол Улсын баатар, гавъяат нисгэгч Дугарын Гунгаа агсны хөшөөний нээлтэд зориулсан аймаг, сумын цолтой хүчит бөхийн барилдаанд шилдэг залуу 32 бөх уран мэхийг уралдуулан бяр хүчийг үзэн барилдав. Тус барилдаанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат аймгийн харцага Сандагдорж түрүүлж, Арбулаг сумын харъяат аймгийн заан Бат-Эрдэнэ үзүүрлэн, Тосонцэнгэл сумын харъяат аймгийн хачин Төрбадрах, Төмөрбулаг сумын харъяат сумын заан Батцоож нар шөвгөрсөн байна. Мөн хөшөөний нээлтэд зориулсан хурдан дааганы уралдаанд 19 хүлэг шандас хурд сорин уралдсанаас түрүү магнайд Төмөрбулаг сумын 1-р багийн уяач Ц.Болдын шарга даага хурдалж, 1-р багийн уяач Г.Мөнхбаярын хүрэн даага аман хүзүүдэн, 4-р багийн уяач Пүрэвбатын хээр даага, Жамбалжавын хар даага, 1-р багийн уяач Пүрэвсамбуугийн хүрэн даага айрагдав. Хөшөөний нээлтийн зориулсан бөхийн барилдаан амжилттай барилдсан бөхчүүдийн болон хурдан дааганы уралдааны бай мөрийг Монгол Улсын баатар, гавъяат нисгэгч Дугарын Гунгаа агсны хүүхдүүдээс ивээн тэтгэж, гардууулав. Мөн Дугарын Гунгаа агсны хүүхдүүдээс баян ходоодод давхисан даагыг байлж, хурдан морь унасан бүх хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа. Хөшөөний нээлтэд зориулсан МУСТА О.Баянмөнх, С.Жимсээ нарын болон хамтлаг дуучдын тоглолт болов. Тоглолтын үеэр Монгол Улсын баатар, гавъяат нисгэгч Дугарын Гунгаа агсны гэр бүлээс сумын ЗДТГ, ЕБС, Соёлын төв зэрэг төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд нь зориулан мөнгөн хандив өргөж, ЕБС-ийн шилдэг сурагчдад гарын бэлдэг гардууллаа. Мөн ёслолын буудлага хийлээ.